avatar

үндэстэн

2011-03-12,09:43
Худлаа хэлсэн хүнд харваас казак л биш бол хүн болгон халх, ургийн овог болгон Боржигон болсон өнөө цагт бид уг гарвал, түүх соёлоо мэдэхгүй бол ойд төөрсөн сармагчинаас ялгаа байна гэж үү. Бид өөрсдийн талаар юу ч мэдэхгүй байтлаа бусдын талаар их мэддэг нь юуных вэ? Залуу үе маань гадны хамтлаг дуучдыг Англи, Америк, Ирландаас гаралтай ийм тийм гэж мэддэг байтлаа өөрсдөө хаанаас гаралтай, хэн бэ гэдгээ мэддэггүй нь ядуу буурай үндэстний шинж биш гэж үү? 1. Халх Монгол улсын хүн амын үндсэн хэсэг, ястны (угсаатны бүлэг) зонхилох хэсэг нь халхчууд болно. Халхчуудын өвөг дээдэс нь YIII-XII зууны үед Хэрлэн, Онон, Туул гурван голын саваар төвлөрөн нутаглаж байсан ба монголын нэгдсэн тулгуур төр улс байгуулагдахад гол цөм нь болж тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн монгол аймгуудаар бүрэлдэн тогтсон Хамаг монгол улсын хойч үеийн удам угсаа юм. Халхчуудын өвөг дээдэс нь эртний язгуурын монгол аймгуудын залгамж бөгөөд XIY-XYI зууны үеийн Зүүн монголын зургаан түмэн улсын нэгэнд тооцогдож тусгай хил хязгаар, нутаг дэвсгэр, өвөрмөц хэл аялгуу, зан заншил бүхий биеэ даасан ястан болон төлөвшжээ. Халхчууд нь Монголын тулгуур төрийн суурийг хадгалж яваад 1691 онд манжийн хараат болж тусгаар тогтнолоо алдсан боловч монголын ард түмний 1911-1912 оны эрх чөлөөний хөдөлгөөний үр дүнд харийн дарлалаас ангижирч төрийн тусгаар байдлаа сэргээж чадсан юм. Үндэсний болон нийгмийн дарлалын эсрэг халхын ард түмний тэмцэл 1921 оны ардын хувьсгалыг ялалтад хүргэж тусгаар тогтнолоо бүрэн олжээ. Энэ үеэс эхлэн халхчууд Монгол улсын үндсэн хүн ам болжээ. 2. Буриад Монгол улсын нэгэн гол ястан бол буриад монголчууд юм. Тэдний өвөг дээдэс Байгал нуурын ар өврөөр нутаглаж асан эртний анчин гөрөөчин ойн иргэдийн нэгэн бөгөөд 13–р зуунаас өмнө Байгалиас хойш Зүлгэ / Лена / мөрний сав , Байгал орчим амьдарч байсан Хорь Түмэд , Баргужин төхөмд аж төрөх баргуд зэрэг монгол угсааны аймгууд байсан ажээ. Буриадууд яснаасаа хөдөлмөрч, ажилсаг, шударга ард тvмэн. Тэд тvvх, хэл, соёлоо эрхэмлэн дээдэлж, дуу шvлэг, ном товхимол бичихийг эрхэмд vздэг. Сvvлийн хэдэн жил даяаршлын дvнд үндэстэн ястнууд нэгдэн өвөрмөц өнгө төрх нь алдагдах болов. Yvний нэгэн адил буриад залуус хэл, заншил, дуу хуур, бvжиг наадмаа мартах аюулд хvрлээ гэж нутгийн хөгшчvvл шvvмжлэх болжээ. Эдүгээ буриад монголчууд нь Хэнтий, Дорнод, Сэлэнгэ аймаг, ОХУ-ын Эрхүү муж, Чита муж, Өвөр Монголын Хөлөнбуйр аймгийн Шинэхэн нутагт оршин сууж байна. 3. Дөрвөд Дөрвөд бол эртний монгол удмын, ойн иргэдийн нэгэн. Ойрадын Зүүнгарын хаант улсын гол аймаг, Богд хаант монгол улсын үеийн Ховд хязгаарын зонхилох ястан юм. Дөрвөд гэдэг нэр нь эртний монголын дээд өвөг Дува сохорын дөрвөн хүүхдийн удмаас сурвалжтай дөрвөнд аймгийн нэрнээс үүсэлтэй гэх буюу дөрөвлөн жагсдаг цэргийн жагсаалын нэр болох дөрвөд гэсэн домогтой. Дөрвөд нар байгал газар зүйн нэлээд өвөрмөд, туайлбал өндөр уул, говь цөлөрхүү байгалийн хоёр томоохон муж нутагт уламжлалт аж ахуйгаа хөтөлсөөр иржээ. Дөрвөд нар таван хошуу мал адгуулж, тэдний малын бүтцэд хонь ямаа зонхилж, адуу үхэр мөн нэлээд тооны сарлаг цөөвтөр тэмээтэй байжээ. Уулархаг нутагт сарлагийг ачлаганд хэрэглэж байна. Ойрад-монголчуудын аж ахуйн нэгэн ололт бол нэлээд эрт үеэс тарианы ажил эрхэлсээр ирсэн мэдлэг ухаан юм. 4. Торгууд Торгууд бол Монголын Их гүрний бүрэлдэхүүнд оролцон эзэн хааны торгон цэрэг болж явсан отог овгоос гаралтай, хожмын Дөрвөн ойрадын улсын нэгэн гол аймаг юм. Торгуудын нутаг болох Булган сумын Булган, Баянголын сав, Монгол Алтайн салбар уулс нь мал аж ахуй эрхэлхэд нэн таатай нөхцөл бүхий хангай билээ. Торгууд нар бог малаас хонь, бодоос адуу, тэмээг харьцангуй цөөн өсгөдөг байжээ. Таван төрлийн малтай айлыг баян айл хэмээн бусаддаа нэр хүндтэй байжээ. 5. Баяд Монголын Баяд ястны эртний өвөг дээдэс нь XII-XIII зууны үед Баягуд аймгаас сурвалжтайн дээр Сэлэнгэ мөрний зүүнтэйх тал газар сууж агсан Жида Баягуд, Хээрийн Баягуд нь жинхэнэ монгол угсаатай гэж үздэг. Баягуд аймаг нь Монголын эзэнт гүрний үед түүний бүрэлдэхүүнд оролцож яваад хожим нэг хэсэг нь Зүүн монголын халх, өвөр монгол болон ойрад монголын дөрвөд зэрэг ястны бүрэлдэхүүнд оролцох болсон байна. Одоо баядууд Дундговь, Дорнод, Увс зэрэг аймгийн зарим сумдад аж төрж байна. Баядууд нь эртнээс нааш мал аж ахуйг голлон эрхэлж ирсний дээр ардын баатарлаг туульс, бүжиг биелгээ зэрэг язгуур урлагийн талаараа ихээхэн алдартай юм. 6. Үзэмчин Монгол улсын дорнод хэсэгт оршин суудаг ястны нэг нь үзэмчин нар юм. Тэд дотроо зүүн, баруун үзэмчин гэж ялгарах бөгөөд Дорнод аймгийн Баянтүмэн, Сэргэлэн, Булган суманд зүүн үзэмчин, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумнаа баруун үзэмчнийхэн нутаглана. Үзэмчин гэдэг нэрийн гарлыг үзэмтэй газраас нүүн ирснээс тийн нэрлэсэн гэх буюу үзмэрч төлөгч байснаас ийм нэр олсон гэх мэт янз янзаар тайлбарладаг. Үзэмчин нь Өвөр Монголын Шилийн голын чуулганд харъяалагдан байгаад 1945 оны өвөл нэгэн хэсэг нь монголд шилжин ирж нутагласан байна. Энэ үед голчлон зүүн үзэмчин хошууны хүмүүс орж ирсэн бөгөөд баруун үзэмчнээс цөөн хүн иржээ. 7. Дарьганга Дарьгангачууд нь Сүхбаатар аймгийн нутагт оршин суух бөгөөд нутагласан газар Дарь овоо, Ганга нуурын нэрээр Дарьганга гэж нэрлэгдсэн болно. 1690-ээд оны сүүлчээр Манжийн захиргаанд орох үед Манжийн хааны төмөр сүргийг адуулгахаар цахар, халх, өөлдөөс татаж Халхын Түшээт хан аймгийн Говь Мэргэн вангийн хошуу, Сэцэн хан аймгийн хурц вангийн хошууны дунд суулгасан сүрэгчин хүмүүс болно. Хуучин дарьгангын сүрэгчин нь баруун гар адуучин, зүүн гар адуучин, баруун гар тэмээчин, зүүн гар тэмээчин, хоньчин гэсэн таван гар болж байжээ. Одоогийн Сүхбаатар аймгийн Дарьганга, Наран, Онгон, Халзан, Асгат, Баяндэлгэр сумнаа оршин сууж байна, Дарьгангачууд нь мал маллагааны арга, алт мөнгө дархлах урлагаар монгол даяар алдартай юм. 8. Барга Баргачууд бол эртний монгол удмын аймгуудын нэг юм. XIII зуунаас урьд Байгал далайн тэндэх Баргужин төхөм гэдэг газар нутаглаж байсан баргуд хэмээх хүчирхэг аймаг болно. Эртний сурвалжит монгол аймаг Барга нарын голомт нутаг Байгал нуураас Хянганы нуруу хүртэл үргэлжилж байжээ. Баргачууд нь Чингис хааны аян дайны үед цэргийн ар талын эд барааг хариуцан харуулын цэргийн албыг хааж байжээ. Баргууд үнэхээр нүүдэлч удамтай улс юм. Хөлөнбуйр, Байгал нуур, Алтай уулын хооронд түүхэн урт удаан хугацаанд нүүдэллэж байсан бөгөөд Алтайгаас нааш нүүхдээ одоогийн Завханы нутагт удаан суурьшиж нэг хэсэг нь тэнд үлдсэн бололтой. Одоо Монгол улсын Дорнод, Дундговь, Архангай, Ховд, Баян-Өлгий, Төв, Завхан аймгуудын сумдад барга ястнууд аж төрөн буй. Мөн БНХАУ-ын Өвөрмонголын Хөлөнбуйр аймгийн зүүн ба баруун хошуудад харъяалагдан Эргүн голоор нутаглан байна. 9. Хотон Xотон ястан нь Монгол улсын Увс аймгийн Улаангомд аж төрөн сууж байна. X-XIII зууны үед хотон нар нь Хятан болон Найманы Хүчүлүг хааны хараанд байжээ. Увс аймгийн хотон ястан нь түүхийн урт хугацаанд Тэнгэр уулсаас Увсын хотгор, Архангай аймгийн Хотонт сум хүртэл нутаглаж, өв соёлоо хадгалж ирсэн ард түмэн юм. Хотонгууд бол эртний соёлт Уйгурын удам юм. Хотонгууд 200 гаруй жилийн тэртээгээс дөрвөдүүдийн дотор хутгалдан суусаар ихэд монголжжээ. Өөрсдийгөө хотон гэх ба хасаг, хиргистэй төрөл гэдэг. Хотончууд дуу хуур, бүжиг наадамд нэн авъяастай, хуур заяасан хүмүүс гэдэг домогтой. 10. Өөлд Ойрад монголын эртний сурвалжит нэгэн аймаг нь Өөлд болно. Өөлд гэдэг нэрийг ойрад (ойн ард) хэмээх үг сунжирснаас үүссэн гэлцдэг. Бас Илүдэй гэдэг хүний нэрнээс гаралтай ч гэнэ. Мөн өөлдийн дээд овог цорос анх үүсэхдээ цомогор аяганаас цоргоор ус ууснаас цорос гэх болсон гэдэг домогтой. XYI зууны үеэс зүүн монгол нь баруун монголоо дуудах ерөнхий нэр нь ойрад болон өөлд гэж байсан нь лавтай. Харин дөрвөн ойрадын холбоонд цорос нэртэй хүчирхэг аймаг оролцон улс төрийн талаар тэргүүлэн явсан бөгөөд тэдний хойчис нь хожим өөлд гэдэг нэртэй болсон бололтой юм. Ховдын өөлдүүд XYII зууны эцсээр бүх ойрадын хаан Галдан бошгот Ховдын голд ирж нутаглан монгол цэргийн тариалан үүсгэхэд энд анх нутагласан ба тэдний ихэнх нь Ховдоос Өвөрмонголын Улаанбудан гэдэг газар хүртэлх замын олон дайнд сүйрэн, нэг хэсэг нь Манжийн эрхэнд орж Орхон голд нутаглан байгаад зарим нь 1764 онд Ховдын харъяат болон нүүн ирсэн нь одоогийн Ховд, Эрдэнэбүрэн сумын өөлдүүд болно. 11. Урианхай Баруун монголын нэг гол ястан нь Алтайн урианхайчууд болно. Эдний өвөг дээдэс нь монгол нутгийн умард болон баруун хойд захын ой хөвчөөр эрт дээр үед амьдран сууж байсан ойн гөрөөчин аймаг юм. Тэднийг X зууны үеэс Баруун хойд урианхай, XII-XIII зуунаас ойн урианхай хэмээн нэрлэдэг байсан байна. Урианхай нэрт аймгууд удам гарлын хувьд монгол, түрэг хоёр төрөл байсны дээр монгол урианхай нь дотроо халх, ойрад хоёр янз болжээ. Түрэг урианхай нь тува удмынхан болох бөгөөд тэдний нэгэн хэсэг нь олон үеийн турш монголчуудтай холилдон суусаар монголжсоны гадна Монголын Нэгдсэн улс байгуулагдахад ихэд хүчин зүтгэж монголын их гүрний үед нэлээд олон тооны мянгатууд болж байжээ. 12. Мянгад Мянгад ястан нь Ховд аймгийн Мянгад сумын нутаг Ховд голын адаг, Алтан Хөхий уулын нутаг орчмоор оршин сууж, Эрдэнэбүрэнгийн өөлд, Дөргөний дөрвөдтэй айлсан нутаглана. Мянгад ястан нь Ховд голын сав нутагт мал аж ахуй эрхлэн жилийн дөрвөн улиралд нутаг бэлчээр, нүүдэл суудлаа зохицуулан аж төрөн байжээ. Нутаг усны онцлогоос Алтан хөхийн уулаар нутагладаг малчдыг Шилийнхэн, Харынхан, Ховд голын дагуу нутаглагсдыг голынхон, энэхүү хоёр нутгийн завсраар нутаглагсдыг Хөдөөнийхөн хэмээн нэрлэж заншсан аж. Зусланд хоёр сар гаруй болж малаа таргалуулж цагаан идээгээ аваад намрын эхэн сарын сүүлчээр хяр нуруудаар сэрүү орох үест говь руу намаржаандаа бууж худаг шандаар нутаглана. Намрын эхэн сарын сүүлчээр хонио хяргаж эсгий хийж гэрээ шинэчлэх зэрэг ажлаа дуусгаад голдоо орно. Намрын сүүл сарын эхээр дахин нүүж бэл рүүгээ бууж байгаад зул сар гэхэд өвөлжөөндөө буудаг байжээ. Ингэж малчин мянгадууд жилийн дөрвөн улиралд мал сүргийнхээ өвс ус, бэлчээрийг харгалзан цаг уурын аясыг даган нүүдэллэж мал сүргээ өсгөн ирсэн аж ахуй соёлын шинж төрхөө буй болгожээ. 13. Захчин Захчин нь Ойрад монголын нэгэн салбар бөгөөд Зүүнгарын хаант улсын үед тус улсын хил, зах хязгаарыг сахин хамгаалах цэргийн ард байсан учир захчин хэмээх нэрийг олжээ. Захчин нь зах - гэсэн үгэнд эрхэлсэн ажил мэргэжлийг заадаг - чин дагавар залгаж бүтээсэн нэр юм. Захчингууд торгууд, дөрвөд, өөлдөөс гаралтай яс, овгоос бүрэлдсэн байна. 1754 онд Манжид эзлэгдэж Халхын Засагт хан аймгийн гүн Цэвдэнжавын харъяанд хэсэг зуур захирагдан байгаад 1756 онд Зэрэг, Шар хулсан хэмээх газар нутаглуулж нэгэн хошуу 4 сүм болгон язгуурын зайсан Маамадыг хошуу захирагч болгожээ. Богд Хаант Монгол улсын үед захчин хошууд нь Дөрвөдийн Үнэн Зоригт ханы харъяанд явжээ. Захчины умард хошууг шилийнхэн, өмнөд хошууг говийнхон гэлцдэг. Эдүгээ захчин нар нь Ховд аймгийн Алтай, Үенч, Мөст, Зэрэг, Манхан таван суманд буюу Байтаг Хавчигийн нуруунаас Ямаат улаан уул хүртэл нутагт нутаглан байна. 14. Казах Монгол улсад оршин суудаг түрэг угсааны томоохон ястан нь казахууд юм. Тэдний өвөг дээдэс нь МЭӨ I мянган жилийн дундаас одоогийн Дундад Ази, Казахстаны нутагт оршиж байсан Сак хэмээх хүчирхэг аймаг юм. Сак аймгийн бүрэлдэхүүнд Массагет, Дай, Каспий, Исседон аймгууд оролцдог байжээ. Эртний Казахууд нь XIY зууны үеэс Зүчийн улс буюу Алтан ордны улсын бүрэлдэхүүнд багтаж зуутын зохион байгуулалттай болжээ. Алтайн казахууд угтаа Керей омгийн хүмүүс бөгөөд тэд нар нь Уах керей, Абах керей, Ашамайлы гэсэн 3 янз болно. Үүнээс монголд шилжин нутаглагсад нь Абах керей, Найман казах болно. Казахын хүн ард манж хятадын дарлалд нэрвэгдэн бэлчээр нутгаар хавчигдан ядуурсны дээр XIX зууны дунд үеэс Шинжаанд бослого үймээн дэгдэх болсноос түүний хөлд туйлдсаны улмаас 1864 оноос эхлэн Алтайгаас Ховд руу нүүдэллэн ирэх болжээ. 1895 онд Ховдын амбанд есөн цагааны бэлэг барьж байрагнасан газраа батлан суух зөвшөөрөл олж авчээ. Манжийн захиргаа устаж монгол улс тусгаар улс болсон тэр цагт казахууд монголд дагаар орох хүсэлтээ Богд гэгээний засгийн газарт гаргасан байна. Тэрхүү дагаар орох хүсэлтийг нь 1917 онд ёсоор болгосноор казахууд монгол улсын жинхэнэ харъяат болж, тэдэнд хошуу нутаг захируулах болжээ
бичсэн: tsetseg5000 төрөл: түүх | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax